Зам тээврийн зөрчил өсөх хандлагатай байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-21 21:01:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Халтиргаа гулгаанаас үүдэлтэй мөргөлдөх, шүргэлцэх зэрэг зам тээврийн ослын дуудлага буурч байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүд буурахгүй байгааг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Энэ төрлийн зөрчлөөр хоногт хамгийн багадаа 2-3 жолооч саатуулагдаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ зам тээврийн осол гаргах, хэргийн газрыг орхиж зугтаах үзэгдэл он гарсаар нэмэгдэх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн тасгаас нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт, шөнийн эргүүлийг тогтмол хийж байгаа аж.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2019 онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 34 гарч, хэргийн улмаас 23 хүн нас барж, 22 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Эдгээр нь бүгд өмнөх оноос өссөн үзүүлэлтэй байгаа юм. Хүний амь нас эрсэдсэн гэмт хэргийн хамгийн олон нь Мөнххаан сумын нутагт буюу Баруун-Урт -Улаанбаатар чиглэлийн авто зам дээр гарчээ.

Ийнхүү зам тээврийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал өсөх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн тасгаас энэ талын нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, төрийн болон ТББ, ААНБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аймгийн ЗДТГ, ИТХ-аар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хөдөлгөөний аюулгүй байдлын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, үйлдэгдээд байгаа зам тээврийн осол, хэргийг бууруулж ажиллахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ