Шанхайд шинэ вирусний халдвар авсан хоёр дахь тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-01-21 14:24:40

ШАНХАЙ. /TASS/. БНХАУ-ын Шанхай хотод шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний халдвар авсан хоёр дахь тохиолдол илэрсэн нь батлагдсан байна. Үүнээс гадна уг вирусээр халдварласан байж магадгүй дөрвөн хүн эмчийн хяналтад байгаа тухай хотын эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдээлжээ.


Үхань хотод зорчоод ирсэн 35 настай, Шанхай хотын оршин суугчаас шинэ вирусний халдвар илэрсэн байна. Тэрбээр нэгдүгээр сарын 16-нд эмнэлэгт хандсан бөгөөд шинэ төрлийн короновирусээр халдварласан эсэх шинжилгээг Шанхай хотын нэгэн лабораторид хийжээ. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн, амь насанд нь халгүй байгаа аж. Түүнтэй харьцсан хүмүүс одоогоор эмчийн хяналтад байна гэж хотын эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна.


Үхань хотод үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай Хятадын эрх баригчид 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгджээ. Уг өвчний үүсгэгч нь “2019-nCoV” коронавирус болохыг Хятадын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон юм. 


Шинэ вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо даваа гарагт нотолжээ. Одоогийн байдлаар Хятадын янз бүрийн хотуудад уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа туссан 220 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.


Холбоотой мэдээ