102 өрхөд дулаан хөнжил бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2020-01-20 16:27:52
@ShoovdorBatbold

Монголд суугаа Тайванийн Төлөөлөгчийн газар болон Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар хамтран энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын зургаан дүүргийн 102 өрхөд дулаан хөнжил бэлэглэлээ.

Монголд үйлдвэрлэсэн энэхүү тэмээний ноосон хөнжил нь тэдгээр айл өрхөд хахир өвлийг өнтэй дулаан давахад нь туслана хэмээн найдаж байгаагаа Тайванийн Төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө нээлтийн үеэр онцлов.

Төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монголд ирсэн бөгөөд Тайвань, Монгол нь нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт нягт харилцаатайг тодотгож, Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн гүйцэтгэж буй үүрэг, хичээл зүтгэл, хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийллээ. 

Энэхүү хандивын үйл ажиллагаанд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг зургаан дүүргийн айл өрхүүд хамрагдав.



Холбоотой мэдээ