Тайландад шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-01-14 09:36:08

БАНГКОК. /Bangkok Post/. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн жуулчнаас шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар Тайландын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Ухань хотод хатгалгаатай төстэй өвчний тархалт өнгөрсөн оны сүүлээр бүртгэгдсэн бөгөөд уг халдварыг шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн хэмээн үзэж байгаа юм.


Тайландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт Тайландын нисэх буудалд буусан 61 настай эмэгтэй Цельсийн 38 хэмээс дээш халуурч, амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрчээ. Тэрбээр Ухань хотоос бүлгээр аялан Тайландад ирсэн байна.


Уг эмэгтэйг эмнэлэгт хүргэснээс хойш өнгөрсөн ням гарагт шинэ коронавирусний халдвар авсныг тогтоосон бөгөөд түүний биеийн байдал сайжирч байна гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдээлжээ.


Тайландын нисэх онгоцны буудлуудыг хүний биеийн дулааныг хэмждэг тусгай камеруудаар тоноглосон байдаг аж. Хятадад хатгалгаатай төстэй үл мэдэгдэх өвчин дэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 3-наас хойш Тайландын мэргэжилтнүүд Ухань хотоос ирсэн зорчигчдыг нарийн шалгадаг болжээ. 

Холбоотой мэдээ