Академич Л.Болд Туркийн ШУА-ийн "Хүндэт гишүүн" болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-13 17:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор, академич Лувсандоржийн Болдыг 2019 оны 12 дугаар сарын 29-нд болсон Туркийн ШУА-ийн ерөнхий ассамблейн 56 дахь чуулганаар тус академийн “Хүндэт гишүүн”-ээр сонгожээ.

Энэ тухайд ирүүлсэн баярын албан захидалдаа, Туркийн ШУА-ийн ерөнхийлөгч Музаффер Шекер хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам өргөжнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Ташрамд дурдахад, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртэж байсан. Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулж байв. Тэрбээр 1972 оноос турк судлаач болж, улмаар зургаан жилийн турш Хөвсгөлийн цаатангуудтай амьдарчээ. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа "Орхоны бичгийн дурсгал" гээд дөрвөн боть ном хэвлүүлжээ. Сүүлд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, цахим толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн ажээ.

Л.Болд Анкара хотод морилон очиж Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авч байсан юм.



Холбоотой мэдээ