“Samsung” гэрийн роботууд худалдаанд гаргахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-01-08 13:57:22

ЛАС-ВЕГАС. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани гэрийн ажилд туслах боломжийн үнэтэй роботуудыг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар тус компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.


“Роботон бүтээгдэхүүнүүдийг ирэх зургаа, долдугаар сараас зах зээлд нийлүүлж эхлэх төлөвтэй байна” гэж “Samsung” компанийн Хэрэглээний цахилгаан барааны асуудал хариуцсан салбарын дарга Ким Хюн Сук Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр мэдэгдсэн байна. 


“CES” АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо энэ сарын 7-ноос эхэлсэн юм. Bot Air, Bot Clean, Bot Chef”, “GEMS” зэрэг роботыг “Samsung” өнгөрсөн онд болсон “CES” үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулаад, зарим роботыг тухайн ондоо худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ.


Мягмар гарагт Ким Хюн Сук сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, роботуудыг өнгөрсөн онд худалдаанд гаргаж чадаагүйдээ хүлцэл өчөөд, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд хугацааг хойшлуулахад хүрсэн гэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэ онд яг ямар роботуудыг худалдаалж эхлэх талаар дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ