Тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн шийдвэрийг танилцууллаа

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2020-01-04 17:48:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв



Монгол Улсын Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоол баталлаа.


Тогтоолыг энэ сарын 1-нээс дагаж мөрдөж буй юм. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.


Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломж бүрдүүлэв



Монгол Улсын Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдүүлэв.


Ингэхдээ, сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.


Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гарлаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 он солигдох ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээндээ, Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсныг мэдэгдлээ.


Тэрбээр, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарч, Газрын тос боловсруулах үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт өрнөснийг тэмдэглэхийн сацуу 20 жил гаруй ярьсан шинэ Үндсэн хуулиа баталсныг онцоллоо. Мөн ирэх онд ардчилсан тогтолцооны 30 жилийн алдаа оноог дэнсэлж, алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил болно гэдгийг тодотгов.


Түүнчлэн, “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээв.


Монгол Улс 130 оронтой татварын мэдээлэл солилцоно



УИХ-ын чуулганы энэ сарын 3-ны хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийг батлав.


Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гарах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл  харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор  Засгийн газар 2017 онд 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 онд 157 дугаар захирамж гаргасан. Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д нэгдэхээ илэрхийлж, 2019 оны 11 дүгээр сарын 26-нд БНФУ-ын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд 130 улстай татварын мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.


“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Ерөнхий сайдад гардуулав



Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 3-нд гардуулав.


Долоон сарын турш салбар бүрийн 1500 эрдэмтэн, судлаач хамтран есөн тулгуур, 50 зорилт бүхий бодлогын бичиг баримтыг боловсруулжээ. Энэ хөтөлбөр өмнөх 517 бодлогын баримт бичгийг нэгдэл хэмээн ойлгож болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.


Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилд төр тогтворгүй байснаас үүдэн хүний хөгжил болон амьжиргааг дээшлүүлэхэд алдаа гаргасан. Тиймээс энэ хөтөлбөрт амьдралын чанар ба дундаж давхарга гэсэн том хэсэг орсон. Түүнчлэн говийн бүсийг уул уурхайн бүс, Дархан, Орхон, Сэлэнгийг хөдөө аж ахуйн бүс болгох зэргээр Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг тусгасан" гэв.


Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд орон сууцны бодлогын өөрчлөлт хийх, хуримтлалын бодлого болон даатгалын тогтолцоог боловсронгуй, хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэг, улсын эмнэлгүүдийн шинэчлэл, их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр зэрэг хөгжлийн тэргүүлэх зургаан салбарыг тодорхойлж, хөгжүүлнэ гэдгийг мөн онцолсон юм.

Монгол Улсын хүн амын тоо 2050 он гэхэд 5.5 сая байх тооцоотой байгаа бөгөөд бодлогоор дэмжиж чадвал 6 сая хүрэх боломжтой хэмээн үзсэн байна. Улаанбаатар хот 2050 он гэхэд 3.2 сая хүн төвлөрөхөөр байгаа учраас Улаанбаатар хот ба дагуул хотыг байгуулахад анхаарч байгаа аж. Түүнчлэн Үндэсний нэгдмэл үнэт зүйл, аюулгүй нийгэм, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал заалтууд орсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.


"Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг УИХ-д өргөн барьсны дараа цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй танилцуулах аж.

Холбоотой мэдээ