В.Путин 6 жилийн хугацаанд анх удаа Украины Ерөнхийлөгчид баярын мэнд хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-02 14:44:24

МОСКВА. /Lenta/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярих үеэрээ бие биедээ шинэ жилийн баярын мэнд хүргэжээ. ОХУ-ын Төрийн тэргүүн 2013 оноос хойш анх удаа Украины Ерөнхийлөгчид баяр хүргэсэн нь энэ юм.


Хоёр улсын төрийн тэргүүн нар бие биедээ шинэ жилийн баярын мэнд хүргэхийн сацуу ирж буй ондоо ОХУ, Украины харилцааг хөгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Ерөнхийлөгч В.Путин хамгийн сүүлд 2013 онд Украины Ерөнхийлөгч Виктор Януковичид шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байсныг Путиний хэвлэлийн албаны цахим хуудаст цохон тэмдэглэжээ. Тухайн үед В.Путин аливаа асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжийг олгодог найрсаг, ажил хэрэгч харилцааг цохон тэмдэглэхийн сацуу ард түмний сайн сайхны төлөө хоёр улсын түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх замуудыг хамтдаа эрэлхийлэхээ онцлон тэмдэглэж байжээ.   


ОХУ-ын Төрийн тэргүүн 2014 оны 6 дугаар сарын 7-ноос 2019 оны 5 дугаар сарын 20-ны хугацаанд Украины 5 дахь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан Петр Порошенкод нэг ч удаа баярын мэндчилгээ дэвшүүлж байгаагүй юм.  


В.Путин, В.Зеленский нар 12 дугаар сарын 31-нд утсаар ярих үеэрээ мөн олзлогсдыг солилцсон хийгээд цаашид солилцох олзлогсдын жагсаалтыг гаргах асуудлыг хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ