Ким Жөн Ун ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ хүргэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-02 10:34:07

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун 2013 оноос хойш анх удаа ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэнгүй гэж "Yonhap" агентлаг мэдээлжээ.


Өмнө нь БНАСАУ-ын удирдагч жил бүр нэгдүгээр сарын эхний өдөр ирж буй онд баримтлах улс төрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон үг хэлдэг байсан бөгөөд түүний үгийг төв телевизээр дамжуулдаг байв. Гэвч энэ жил БНАСАУ-ын төв телевизээр Төрийн Зөвлөлийн даргын ард түмэндээ хандаж хэлсэн үгийн тухай дурдаагүй бол үгчлэн буулгасан тэмдэглэл нь тус улсын гол хэвлэл "Нодон синмун" сонинд болоод бусад сонины хуудсанд ч гараагүй байна. Үүний оронд БНАСАУ-ын хэвлэлүүд Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны /ТХ/ хуралдааны үеэр хэлсэн Ким Жөн Уны үгийн талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч бүгд хурлын үеэр үг хэлэхдээ хэд хэдэн том мэдэгдэл хийжээ. Тухайлбал, тэрбээр БНАСАУ удахгүй стратегийн шинэ зэвсэг танилцуулна гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, хэрэв АНУ-ын эрх баригчид Пёньяны талаар баримталж буй дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол БНАСАУ стратегийн зэвсэг үргэлжлүүлэн бүтээнэ.


Үүнээс гадна, АНУ Солонгосын хойгт цэргийн сургуулиа үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор цөмийн туршилтыг сайн дураар хойшлуулах амлалтаа дахин биелүүлэхгүй гэж Умард Солонгосын удирдагч онцлон тэмдэглэжээ. Ким Жөн Ун СХН-ын ТХ-ны бүгд хуралд үг хэлэхдээ, “дайсагнагч хүчнүүд БНАСАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдаж зүрхлэхгүй байлгахын тулд” тус улсын Зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийг уриалсан байна.


Холбоотой мэдээ