Монгол хүүхдийн тухай баримтат киног Германд үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-04-20 12:33:48

БЕРЛИН. /vokalkompass.de/. “Babys” хэмээх нэгэн сургамжит баримтат киног Германы “Штернталер” төвд үзүүлэх гэж байна.

Киног Америкийн «Focus Features» кино компани бүтээсэн бөгөөд 2010 оны тавдугаар сарын 7-нд дэлгэцнээ гарч байв. Нээлтээ хийсэн эхний долоо хоногт нэг сая гаруй долларын орлоготойгоор “Box office”-ийн 10 дугаарт бичигдэж байжээ.

Уг киног Понижао, Баяр, Мари, Хатти гэсэн нэртэй хүүхдүүдийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн аж. Тэд бол Монгол, Намиби, Япон болон АНУ-ын бяцхан иргэд юм. Кинонд эдгээр дөрвөн хүүхдийн хэрхэн өсч бойжиж буйг маш сонирхолтой өвөрмөц байдлаар харуулжээ.  Тэднээс хоёр нь орчин цагийн хөгжлөөс алс хол хөдөө нутагт амьдардаг бол нөгөө хоёр хүүхэд нь том хотод амьдардаг байна. Гэсэн хэдий ч энгийн нэгэн байшин эсвэл өндөр байшинд амьдардгаас үл хамааран тэдний өссөн төрсөн орчин, соёлын ялгаа их байдаг ч гэлээ нэг л зүйл дээр маш төстэй юм. Энэ бол тэдний хүмүүжил.

Үүнээс үүдэн хүүхдийн хүмүүжил дэх эцэг эхийн болон соёлын нөлөө гэсэн асуудал үүсч байгааг энэ киноноос харж болох юм. Энэ кино нь Германы “Штернталер” төвийн эцэг эхийн хурлын гол сэдэв ажээ. “Каритас” байгууллагын хүүхэд, өсвөр үе болон гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, сэтгэл судлаач Эделгард Лөхэл тус цуглаанд оролцохдоо эцэг эхчүүдийн асуултад хариулж зөвлөгөө өгөх юм байна. Тус уулзалт цуглаан хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй болох ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ