Японы эзэн хаан хар салхинд нэрвэгдсэн мужуудад очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-12-26 09:10:12

ТОКИО. /NHK/. Японы эзэн хаан Нарүхито гэргийн хамтаар өнгөрсөн 10 дугаар сард “Хагибис” хар салхинд нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад урам зориг өгөхөөр Мияги, Фүкүшима мужид пүрэв гарагт очихоор болжээ.


Нарүхито өнгөрсөн тавдугаар сард хаан ширээг залгамжласнаасаа хойш байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн мужуудад анх удаа очих гэж буй нь энэ юм. Тэд Мияги мужид очсоны дараа тус мужийн Марүмори тосгонд Өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэргээр хүрнэ. Марүмори тосгонд хар салхины улмаас 10 хүн амиа алдсан юм.


Хааны удмын хос Мияги мужийн оршин суугчид болон байгалийн гамшгийн уршгийг зохицуулахад оролцсон төлөөлөгчидтэй уулзсаны дараа Фүкүшима мужийн Мотомия хотыг зорьж, үерт автсан газруудыг шалгах ажээ. Мөн тэд байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй уулзах бөгөөд Токио хотод пүрэв гарагийн орой буцаж ирнэ.


Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, хос эзэн хааны хаан сэнтийд залрах цуврал арга хэмжээнүүд дууссан даруйд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад очихыг эрмэлзэж байсан ажээ. 

Холбоотой мэдээ