Төв талбайд мөсөн хотхон сүндэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-26 08:49:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр агаартай хот” аяны хүрээнд хийж буй Мөсөн хотхоны нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм.

Нээлтийн үеэр 100 гаруй авьяаслаг залуу “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилууллаа. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Мөсөн хотхоныг нийслэлийнхээ иргэд болон дотоод, гадаадын жуулчдад зориулан байгуулснаараа онцлог юм. Улаанбаатарынхан төдийгүй гадны зочин, төлөөлөгч, жуулчдад өвлийн улиралд үзэх, харах зүйл, амарч зугаалах орчныг нь нэгээр нэмж өглөө. Мөн энэхүү мөсөн тайз, мөсөн хотхоныг ашиглан ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл нийслэлийн агентлагууд, харьяа байгууллагууд цуврал өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээлээ.

Өвлийн улиралд зориулсан “Цэвэр агаартай хот” аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо “дайжиж”, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-иас доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа аж.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпын болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд энэ сарын 31-нийг хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулах юм.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлч бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж. 




Холбоотой мэдээ