Японы эрх баригч намын депутатыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-25 14:30:35

ТОКИО. /Koydo/. Токиогийн Прокурорын газар Японы эрх баригч Либерал-ардчилсан намаас тус улсын парламентын доод танхимд сонгогдсон депутат Акимото Цукашийг Хятадын мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчдээс хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчилжээ


Японд депутатууд зөвхөн парламент үйл ажиллагаагаа явуулж байх үед халдашгүй дархан эрхтэй байдаг байна. Одоо тус улсын парламентын чуулган завсарласан байгаа аж.


Акимото 2017 оны наймдугаар сараас өнгөрсөн оны 10 дугаар сар хүртэл дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Японд зугаа цэнгэлийн бүс, казино байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байжээ. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Хятадын нэгэн компанитай холбоотой болохыг тогтоосон байна. Тус компани нь шинээр байгуулж буй томоохон рашаан сувиллын газруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах казино байгуулахад идэвхтэй оролцохыг ихээхэн сонирхож байгаа юм байна.


Прокурорын газраас мэдээлснээр, энэ компанийн төлөөлөгчид хамгийн багадаа хэдэн арван мянган ам.долларыг гаалийн  мэдүүлэгт дурдалгүйгээр Японд бэлнээр оруулжээ. Энэ мөнгийг депутатад авлига хэлбэрээр шилжүүлэн өгсөн гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байгаа аж.


Акимото лхагва гарагт хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө өөрийг нь сэжиглэж буй бүх хэргийг эрс няцаажээ. Энэ нь 2010 оноос хойш парламентын гишүүнийг баривчилсан анхны тохиолдол юм.


Мөрийтэй тоглоомын бүсийг хуулиар зөвшөөрөх хуулийг Японд 2016 оны 12 дугаар сард баталсан байна. Японд урьд нь орлогыг нь хэсэгчлэн буяны ажилд зарцуулдаг морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдаанаас бусад мөрийтэй тоглоом тоглох хориотой байжээ. 


Одоо тус улсад орон нутгийн хотуудад жуулчдыг татахад ашиглахаар төлөвлөж байгаа казиног хаана байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Мөрийтэй тоглоомын анхны бүс Японд 2023 онд байгуулагдах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ