11 дүгээр сарын байдлаар залилангийн 18 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-18 11:14:48

Булган /МОНЦАМЭ/ Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлсэн талаар Монгол банкны Орхон аймагт салбараас мэдээллээ.

-Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм. Мөн иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго чиглэнэ гэж Орхон аймаг дахь салбарын ажилтан Б.Отгонжаргал ярилаа.

Булган аймагт энэ оны эхний 11 сарын байдлаар залилангийн гэмт хэрэг 18 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 14 хэргээр буюу 3,5 дахин өссөн байна. Нүүр хуудас хаягаар нэвтэрч бусдаас мөнгө нэхэж авах, “мал зарна”, “байр түрээсэлнэ” гэсэн зараар мөнгө авах зэргээр залилангийн гэмт хэрэг үйлдэгдэх хандлагатай байна гэж аймгийн цагдаагийн газрын ажилтан, хошууч Э.Ариунчимэг мэдээллээ.

Улсын хэмжээнд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4, 2018 онд 9.9, энэ он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байна.

Холбоотой мэдээ