Худалдааны хоёр дахь шатны хэлэлцээ хэдийд эхлэх нь тодорхойгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-12-16 12:31:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны гэрээ байгуулах хоёр дахь шатны хэлэлцээрийн нөхцөлүүдийн яг хэдийд хэлэлцэж эхлэх нь тодорхойгүй байна. Энэ тухай АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Роберт Лайтхайзер телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Бидэнд товлосон өдөр байхгүй байна. Хоёр дахь шатны хэлэлцээ хэдийд эхлэх нь эхний үе шатанд хүрсэн тохиролцоо хэрхэн хэрэгжихээс мөн шалтгаална” гэж Лайтхайзер хэлсэн байна.


АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээний эхний шатны тохиролцоонд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хүрсэн билээ. Лайтхайзерын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хэлэлцээрийн хүрээнд Хятадын бараа бүтээгдэхүүнд 12 дугаар сарын 15-наас ногдуулах байсан нэмэлт таван хувийн татварын шинэ багцыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрчээ. БНХАУ-тай худалдааны гэрээний эхний шатны хэлэлцээрт хүрсний дараа талууд хоёр дахь шатны хэлэлцээрийн нөхцөлүүдийг нэн даруй хэлэлцэж эхэлнэ гэж Д.Трамп мөн энэ өдөр “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ