Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-13 13:16:01

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны саналыг ард түмнээсээ авлаа гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон баасан гарагт саналын хуудсыг тоолох үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Сонгуулийн тойргуудын 70 орчим хувийнх нь саналын хуудсыг тоолсны дараах байдлаар консервативчууд энэ сарын 12-нд буюу пүрэв гарагт болсон сонгуульд итгэлтэйгээр ялж байна.


“Консерватив Засгийн газар Brexit-ийг хэрэгжүүлэх хүчирхэг шинэ мандат авсан. Энэ бол Их Британийн ард түмний хүсэл зоригийг амьдралд ойртуулах, энэ улсыг илүү сайн сайхан болгож өөрчлөх түүхэн сонголт юм”  гэж Б.Жонсон мэдэгджээ.


Сонгуулийн сурталчилгааны үеэр Б.Жонсон түүний гол зорилго бол Их Британийг Европын холбооны бүрэлдэхүүнээс 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө гаргах юм гэж мэдэгдэж байв.


Их Британийн Ерөнхий сайд 25 мянган хүний саналыг авч парламентад улиран сонгогдсон байна. Тус улсын Ерөнхий сайдыг оруулаад бүх сайд парламентын гишүүн байх ёстой учраас Нийтийн танхимд сонгогдоогүй тохиолдолд сайд нарын танхимд орох эрхээ алддаг байна. Их Британийн өмнөх Ерөнхий сайд Тереза Мэй мөн Нийтийн танхимд суудлаа хадгалж үлджээ.


Сонгуулийн 650 хэсгийн 440-ийнх нь саналын хуудсыг тоолж дууссаны дараах байдлаар консервативчууд 231 суудал /2017 оныхоос 32-оор илүү/ авсан бол сөрөг хүчнийхэн 153 мандат /хоёр жилийн өмнөхөөс 43-аар бага/ авсан байна.


 


Холбоотой мэдээ