АНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-12 10:28:38

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөтгөж, тус улсын нэг иргэн, Ираны далбаа бүхий хоёр хөлөг онгоц, мөн хэд хэдэн компанийг оруулжээ.


АНУ-ын Сангийн яамны цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсанаар, “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын нэрийн өмнөөс” Иранаас Йемен рүү “зэвсэг хууль бусаар зөөдөг сүлжээг” хоригийн жагсаалтад оруулсан байна. Хоригийн жагсаалтад мөн тээврийн гурван компани оржээ. Эдгээр компанийн нэг нь Хятадын Шанхай хотод байрладаг аж.


Иран улс “хортой үйл ажиллагаагаа” үргэлжлүүлсэн хэвээр байгаа цагт Вашингтон Техранд “хамгийн дээд зэргийн шахалт үзүүлсээр байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хориг арга хэмжээтэй холбоотойгоор тайлбар хийхдээ мэдэгджээ.


Үүнээс гадна, Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Хонконгт байрладаг, Ираны агаарын тээврийн “Mahan Air” компанитай холбоотой гурван компанид хориг арга хэмжээ авсан байна.


Холбоотой мэдээ