“Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-10 20:29:15

Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Олон улсын хүний эрхийн өдөр”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 71 жил”-ийн ой тохиов. 

Үүнтэй холбогдуулан хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, тулгамдаж буй зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашдын чиг хандлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх замаар “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхим, аймгийн ГХБХБГ, ХЭҮК хамтран олон талт үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулжээ.

Үүний нэг бол “Хүний суурь эрх түүнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг юм. Тус хэлэлцүүлэгт Ховд их сургуулийн багш нар, 180 орчим оюутан болон ГХБХБГ, ХЭҮК-ийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс бөгөөд нэр төрийг хүндэтгэн эрх тэгш нийгэмд сайн сайхан амьдрахад хүн бүрийн оролцоо чухал гэж албаныхан онцлон хэлсэн юм. 

Мөн аймгийн ГХБХБГ энэ онд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” уриалга дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ утгаараа иргэдэд нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлэх, тэдний саналыг сонсох зорилтын дагуу тус өдрийн үйл ажиллагааг дэмжин ажилласан хэмээн аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх ярив. 

Өмнөх долоо хоногт “Олон улсын хүний эрхийн өдөр", “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 71 жил”-ийн ойг тохиолдуулан холбогдох байгууллагуудын зүгээс оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Үүнд, Ховд их сургуулийн 18 оюутан илтгэл хэлэлцүүлжээ.

Түүнчлэн “Хүний эрх” сэдэвт видео бичлэг, эсээ, гар зургийн уралдаанд нийт 20 гаруй оюутан, сурагч оролцсон байна. Мөн Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимийн оюутнууд санаачилга гарган Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Цахим гэмт хэрэг” сэдэвт лекц зохион байгуулжээ.

Мөн “Алтан хонх” болон “АХА” танин мэдэхүйн тэмцээн өрнөсөн бөгөөд хуулийн чиглэлээр 200 орчим номын үзэсгэлэн гаргалаа. Үүнээс гадна Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш, оюутнууд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллав.



Холбоотой мэдээ