Малгажота Гошевска: Монгол, Польшийн хамтарсан зэсийн үйлдвэр байгуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-10 14:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (парламентын) дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Польшийн дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ой ирэх онд тохионо гэдгийг онцлоод энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин гүнзгийрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээв. Тэрбээр, "Та 1990-ээд онд социалист тогтолцоог хамран өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эхлэл болсон Польшийн “Солидарность” хөдөлгөөний идэвхтэй зүтгэлтний нэг. Монголын ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдаж, өрнөн хөгжихөд “Солидарность”-ийн жишиг загвар, туршлага сургамж үнэ цэнтэй байсан нь дамжиггүй" гэлээ.


Хатагтай Малгажота Гошевска хоёр орны парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бүхий л салбарын харилцааг идэвхжүүлэх үндсэн суурь болно хэмээв.


Уулзалтад оролцсон УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Польш Улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд, манай улс Польшийн бараа бүтээгдэхүүнийг Азийн орнуудад хүргэх гүүр болох боломжтойг онцоллоо.


Монгол, Польшийн худалдаа 2018 онд 60 сая евро байсан бол 2019 оны эхний 6 сард 20 хувь өссөн байна. Цаашид бизнесийнхний холбоог өргөжүүлж, ирэх жил Улаанбаатар хотноо хоёр орны бизнес форум зохион байгуулахаар төлөвлөснөө хатагтай Малгажота Гошевска хэллээ. Тэрбээр, "Хоёр орны томоохон компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрэх гол нөхцөл юм. Тухайлбал, манайд дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр бий. Монголд зэсийн үйлдвэр хамтран байгуулах төсөлд оролцох боломжтой” гэв.


Уулзалтын үеэр БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээх асуудлыг хөндсөн бөгөөд Польшийн Сейм бүхий л талаар дэмжинэ гэдгийг хатагтай Малгажота Гошевска дурдлаа.

Холбоотой мэдээ