Байгууллага, анги, гэрийн дүрэм бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-07 13:57:40

Ховд /МОНЦАМЭ/. “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөл Ховд аймагт хэрэгжиж байна.

Төсөл нь бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт буюу хүүхэд, эцэг эх, багшийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тогтолцоо бий болгохоор зорьж буй. 

Энэ утгаараа бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургагч багш бэлтгэжээ.

Улмаар цэцэрлэгийн 4-5 насны хүүхэд, тэдний эцэг эх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, туслах ажилтнуудад зориулан “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох нь” сэдэвт сургалтыг дөрвөн үе шаттай зохион байгуулсан аж.

Тус сургалтад Ховд аймгийн төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 12 цэцэрлэгийн нийт 460 гаруй багш, ажилтан, 2150 эцэг эх, 4300 ахлах бүлгийн хүүхэд оролцож, бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар шинэ мэдлэг, чадвар эзэмшжээ.

Сургалтын дагуу оролцогчдын гаргасан санал, зөвлөмжийг танилцуулах, төслийн үр дүнг хамтын оролцоотой тодорхойлох, үнэлгээ хийх зорилго бүхий хэлэлцүүлэг 12 дугаар сарын 5-ны өдөр болов.

Цаашид эцэг, эхчүүдийг сургалтад бүрэн хамруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх, багш нарын арга зүйг боловсруулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, анги болон гэрийн дүрэм бий болгох замаар бага насны хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж гаргасан байна. Тус зөвлөмжийг орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх аж.

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг БСШУСЯ, Монголын Эмэгтэйчүүдийн Сан хамтран хэрэгжүүлэхдээ орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг түшиглэж байгаагаараа онцлогтой гэж албаны эх сурвалж хэллээ. 

Холбоотой мэдээ