Мотоциклын хөдөлгөөнийг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-05 22:19:36
Баянхонгор /МОНЦАМЭ/. Мотоциклын хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын А/589 дугаар захирамж гарчээ. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.3 дахь заалтуудыг үндэслэн тус захирамжийг гаргасан байна.
Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклын хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлалаа. Захирамж 2020 оны гуравдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд хүчинтэй юм. Тиймээс иргэд хориглосон хугацаанд мотоциклоор зорчихгүй байж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг холбогдох албанаас санууллаа.
Орон нутгийн иргэд мотоциклыг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирдог байна. Тиймээс тус хориг Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлчлэх аж.
Холбоотой мэдээ