Худалдааны гудамжийг эмх цэгцэд оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-04 15:57:12

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын худалдааны гудамжинд түлээ, нүүрс борлуулж байгаа болон сум, хот руу ачаа тээвэрлэдэг автомашинуудыг нэгдсэн зохион байгуулалттай болгон, эмх цэгцэнд оруулж Шөнийн захын арын хашаанд төвлөрүүлээд байна.

Түүнчлэн иргэдийн зүгээс нүүрсийг пүүлж зарах саналыг байнга тавьж байгаа аж. Гэвч нэгдсэн журмаар түлээ нүүрс, түүхий эдийн зах бий болсны дараагаар пүү байрлуулах боломжтой гэдгийг Улаангом сумын удирдлагууд хэлж байна.

Худалдааны гудамж нь аймгийн төв гудамжийн нэг бөгөөд зах, худалдааны газрууд олноор байдаг тул хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцээд түлээ нүүрс ачсан том машинууд гудамжны хоёр талаар зогсож, замын хөдөлгөөнд саад болох, цаашлаад хотын өнгө үзэмжийг гутаадаг тул түлээ, нүүрс, түүхий эдийн нэгдсэн цэгийг яаралтай бий болгох шаардлагатай байна.

Холбоотой мэдээ