Д.Медведев: УБТЗ-д тулгуурлан тээврийн шинэ зурвас байгуулах боломжтой

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-04 11:11:53

МОСКВА. /TASS/. Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ бүс нутагт тээврийн шинэ зурвас байгуулах үндэс суурь нь болох боломжтой гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Бид тухайлбал, УБТЗ-ын тухай ярилцлаа. Энэ бол бидний хамтын ажиллагааны хамгийн том хүчин зүйл юм. Түүнд тулгуурлан тээврийн шинэ зурвас байгуулж, бүс нутгийн худалдааны урсгалыг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд бүх нөөц бололцоо бий бөгөөд ердөө багахан хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


Үүнээс гадна, Д.Медведевийн хэлснээр, Монгол Улсын нийслэл хотын дулааны цахилгаан станцыг ОХУ үргэлжлүүлэн шинэчилнэ гэж найдаж байна. “Бид дөнгөж сая эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээний хүрээнд технологи эзэмшихэд ялгаварлан гадуурхах хандлага гаргахгүй байх гэсэн баталгаа олгох, эрчим хүчний бүтцийн найдвартай байдлыг хангах болон бусад чиглэлээр ажиллах талаар тусгасан” гэж ОХУ-ын Ерөнхий сайд нэмж хэлжээ.


Тэрбээр мөн Засгийн газар хоорондын гэрээ 12 дугаар сарын 3-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь Владивостокт Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх боломж олгоно гэдгийг дурдав.


Түүнчлэн хоёр улсад "аж үйлдвэр, нисэх онгоцны үйлдвэрлэл, энхийн зориулалттай цөмийн эрчим хүчний салбар зэрэг хамтын ажиллагааны бусад чиглэлүүд бий" гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайд нэмж хэллээ. “Манай хоёр улс худалдаа-эдийн засгийн чухал түншүүд бөгөөд хоёр талын худалдаа 2017 оноос хойш тогтвортой өсөж байна. Он гарснаас хойш энэхүү үзүүлэлт 13-14 хувиар өссөн. Гэхдээ энэ нь бид юу ч хийх хэрэггүй гэсэн үг биш юм. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд ерөнхийдөө хангалттай их ажил байна” гэж ОХУ-ын Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.


Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тухайд ярихдаа Д.Медведев ОХУ 90 гаруй жилийн турш Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж ирсэн бөгөөд энэ хугацаанд 60 мянга гаруй хүн суралцсныг дурдлаа.  Одоо Монголын 3000 орчим иргэн Оросын их дээд сургуульд суралцаж байна.


Д.Медведев мөн Монгол Улсын Ерөнхий сайдтай “олон улсын хамтын ажиллагааны зарим асуудлыг ярилцсан байна”. "Өнөөдрийн яриа хэлэлцээ хоёр улсын харилцаанд нэмэлт түлхэц өгнө гэдэгт би итгэлтэй байна" гэж тэрбээр дүгнэн хэллээ.


Холбоотой мэдээ