Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 хувь нь залуус байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-03 16:23:24
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-35 насны залуус байгааг Төрийн ордонд өнөөдөр болсон “Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх” ерөнхий хяналтын сонсголын үеэр цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 


Манай улсад Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 2006 оноос хойш 1102 этгээд холбогдсон бөгөөд жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан хэллээ.


Тиймээс үүнд арга хэмжээ авахын тулд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Тодруулбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах, хадгалах, хэрэглэгчид орон байраар хангах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд оноох ял шийтгэл чангарч байгаа юм байна.



УИХ-ын гишүүн Н.Учрал, "Цагаан тахал" болсон энэ асуудлыг ХЗДХЯ, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, СЭМҮТ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай олон талаас нь хэлэлцэж байна. Хар тамхитай тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг нэмээд асуудал шийдэгдэхгүй. Мөн хууль хяналтын байгууллага дангаараа тэмцэж дийлэхгүй юм. Тиймээс хар тамхитай тэмцэхэд олон талын оролцоо чухал гэсэн Сингапур, Индонез улсын жишээг бид үлгэрлэж байна. Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад таниулах, олон нийтийн соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй" хэмээсэн юм.


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгоод өнгөрдөг. Тиймээс иргэдээс хар тамхи хэрэглэсэн иргэнд оноох хариуцлагыг Эрүүгийн хуульд оруулах саналыг ХЗДХЯ-нд ирүүлдэг байна. Гэвч Монгол Улс нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцынхаа дагуу дээрх саналыг хүлээн авах боломжгүй аж. Учир нь олон улсад мансууруулах бодис хэрэглэгчийг өвчтөн гэж үздэг бөгөөд өвчтөнийг мансууруулах бодисын хамаарлаас гаргах эмчилгээний стандартыг илүү боловсронгуй болгох, нийгэмшүүлэхэд анхаарч буйг ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэллээ. Тэрбээр, "Сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр ХЗДХЯ-наас боловсруулж батлуулсан. Энэ хүрээнд хар тамхитай тэмцэх хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ажлыг түлхүү хийж байна" гэлээ. 



Дэлхийн 101 орны туршлагаас үзэхэд, мансуурах, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д таван жилийн өмнө 20 гаруй донтогч хяналтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 50-60 иргэн хэвтэн эмчлүүлэх болсон талаар тус төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэллээ. Тэрбээр, "Хөгжингүй орнуудад ч эмчилгээний үр дүн сайн биш. Ихэнхдээ донтогчид орлуулах бодисноос буцаад сэтгэцэд нөлөөт бодисондоо донтох магадлал их байдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь гол донтолтод өртөөд байгаа 18-35 насны залууст урьдчилан сэргийлэх ажил хийх шаардлагатай. Дэлхий нийтээрээ энэ төрлийн бодисыг өөр дээрээ туршиж хэрэглэхгүй байхыг чухалчилж байна. Гэтэл манай өсвөр үеийн хүүхдүүд сонирхон хэрэглэчихээд дуртай үедээ больчихож болно гэж ойлгодог. Гэвч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь архинаас 60 дахин илүү донтуулах үйлчилгээтэй. Ингэснээр хүний бие сэтгэл тухайн бодисоо үгүйлэх, улмаар түүндээ бүх амьдралаа зориулдаг. Цаашлаад бүх бие эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээв. 


Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 293 гэмт хэрэгт 461 хүн холбогдож ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 64.9 хувь нь 18-29 наснынх бөгөөд 56.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй иргэд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдсан байна.  

Холбоотой мэдээ