Талибан: АНУ-тай найрамдлын хэлэлцээг эхлүүлсэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАБУЛ. /NHK/. АНУ-ын төлөөлөгчидтэй найрамдлын хэлэлцээг
эхлүүлсэн гэж “Талибан” хөдөлгөөний гишүүд “NHK” сувагт мэдээлсэн байна.
“Бид энэ сарын эхээр Катарын нийслэл Доха хотноо АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоригдлуудыг солилцох талаар хэлэлцсэн” гэж “Талибан”-ы төлөөлөгчид мэдээлжээ. Мөн Д.Трамп талархлын баярыг америк цэргүүдтэй тэмдэглэхээр пүрэв гарагт Афганистанд гэнэтийн айлчлал хийх үеэрээ найрамдлын хэлэлцээг сэргээнэ хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн онд АНУ-ын Засгийн газар “Талибан”-тай найрамдлын хэлэлцээг эхлүүлж, америк цэргүүдийг хэсэгчлэн гаргах гэх мэт заалт бүхий гэрээний төслийн талаар хэлэлцэж байсан юм. Гэсэн хэдий ч энэ оны есдүгээр сард Кабул хотод болсон халдлагын үеэр 12 хүн амиа алдсаны дунд нэг америк цэрэг байсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх хэлэлцээг цуцалжээ. Уг халдлагын хариуцлагыг “Талибан” хүлээсэн байна.