"Атрын 60 жил" баярын хуралд 21 аймгийн 1000 гаруй тариаланч оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-22 18:00:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хуралд 21 аймгийн 1000 гаруй тариаланч оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс мэндчилгээ дэвшүүлэв.


Манай улс газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ хангах, шинэ техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх зорилгоор түүхэндээ Атрын гурван аяныг зохион байгуулсан юм. Атрын энэ аяны хүрээнд жил бүр 400-460 мянган тонн улаанбуудай, 150-240 мянган тонн төмс, 92-102 мянган тонн хүнсний ногоо хураан авч, гурилын хэрэгцээний улаанбуудай, төмс, гол нэрийн зарим хүнсний ногоогоор дотоодын  хэрэгцээгээ хангаж байна.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Тариаланч хүн бол байгаль, цаг уурын бэрхшээл дор цаг нартай уралдан ажиллаж, аливаа хатуу бэрхийг тэсвэр, тэвчээрээр даван туулж, хүн амыг хүнсээр хангах гэгээн үйлсийн төлөө өөрийн мэдлэг оюун, авьяас билэг, хөрөнгө, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажилладаг баатарлаг үйлстэн юм. Өнөөдөр дэлхийн зарим улс орон хүнсний ихээхэн хомсдолтой байгаа бол, Монгол Улс айл өрх бүрийнхээ мах, гурил, төмс зэрэг нэн тэргүүний хэрэгцээт хүнсний дийлэнх хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь малчид, тариаланчид, ногоочид Та бүхний хөдөлмөрийн үр дүн юм. Цаашид газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудын хөгжилд анхаарах, хөрсний үржил шимийг хамгаалах, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих замаар газар тариалангийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ" хэмээв.



ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: "Атрын аян бүр өөр өөрийн онцлогт тохирсон ахиц өөрчлөлт,  технологийн дэвшил, түүхэн сургамжийг үлдээлээ. Атар эзэмшсэн, газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн явдал бол хөдөөг цахилгаанжуулж хөгжүүлсэн, хөдөөд хот, тосгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засвар үйлчилгээний газар, авто тээвэр, шуудан харилцаа холбоо, нийтийн ахуйн үйлчилгээ зэргийг багтаасан  цогцолбор төвүүдийг бий болгосон том бүтээн байгуулалтын түүх байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2008 онд “Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийг зарлаж тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Атар газрыг эзэмших өмнөх хоёр аяныг ЗХУ, хамтын нийгэмлэгийн техник, эдийн засгийн дэмжлэг, мэргэжилтнүүдийн зөвлөмжтэйгөөр зохион байгуулж хэрэгжүүлсэн бол Атрын 3 дахь аяныг төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалт, үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр хэрэгжүүллээ" хэмээн тэмдэглэв.



Мөн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт "Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг гардуулсан юм. 


Улсын хэмжээнд Атрын 60 жилийн ойн хүрээнд энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 500 гаруй тариаланчийг төрийн дээд шагналаар шагнаж байгаа аж. Тэдний төлөөлөл болсон зарим ахмад тариаланчид болон "Атар 60" болзолт уралдааны шилдгүүд Баярын хурлын үеэр шагнал гардлаа. 








Холбоотой мэдээ