Залуу малчид зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-22 12:44:15

Дорноговь /МОНЦАМЭ/.“Баялаг бүтээгч залуу малчин" нэртэй малчдын зөвлөгөөн Дорноговь аймгийн Сайншанд суманд 11 дүгээр сарын 21-нд боллоо.

Зөвлөгөөнд 14 сумын 300 гаруй залуу малчин оролцож  мал маллах монгол арга ухаан, малчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн докторын илтгэл мэдээллийг сонссон байна.

Малжуулах хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт 14 сумын 156 өрхийг 714.3 сая төгрөгийн санхүүжилтээр 14878 толгой малаар малжуулжээ.

Мөн 2019 оныг “Гэр бүлийг дэмжих” жил болгон залуучууддаа хандаж  тэдний хөгжил, оролцоог сайжруулах чиглэлд анхаарж залуу гэр бүлийн зөвлөгөөн, цуврал лекц сургалт, аяныг зохион байгуулж байгаа талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин онцлов.

Залуу малчдад зориулсан илтгэл мэдээллийг судлаач, доктор Х.Баавгай, Б.Довдонбалжир,  Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн  нар хүргэсэн.

Цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйлдлээс болж бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд  хүндрэл гарч буй бөгөөд үүнийг гэтлэн давахад ашиг шим сайтай, цомхон, цөөн тооны мал аж ахуй эрхлэх нь үр дүнтэй арга гэж малчдын төлөөлөл дурдсан юм.

Аймгийн ЗДТГ-аас "Масс мессеж" үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 хоног цэнэгээ барих ус, доргионы хамгаалалттай утас, малчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, цаг агаар шинжих уламжлалт аргууд сэдэвт номыг зөвлөгөөнд оролцогчдод гардуулав.

Холбоотой мэдээ