“Залуучуудын TV караоке” тэмцээнд 60 орчим авьяастан оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-22 10:17:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо санаачлан хөдөөгийн сумдын 18-35 насны залуучуудын дунд “Залуучуудын TV караоке тэмцээнийг үе шаттай зохион байгуулж эхэллээ.

Энэхүү тэмцээний үйл ажиллагаа нь хөдөөгийн сумын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуулах ур чадварыг хөгжүүлэх замаар хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

"Залуучуудын TV караоке" тэмцээний анхны үйл ажиллагаа нь Булган, Алтай суманд тус тус өрнөв. 

Тэмцээнд Булган, Алтай, Үенч сумаас нийт 10 гаруй багийн 60 орчим залуус оролцсон бөгөөд мэндчилгээ, гоцлол дуу, дуэт, сугалаат дуу гэсэн дөрвөн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Булган суманд болсон "Залуучуудын TV караоке тэмцээн"-ий тэргүүн байрт Онцгой байдал, дэд байрт Аялгуу, гуравдугаар байрт Үенчийн баг тус тус шалгарлаа. 

Харин Алтай суманд зохион байгуулсан тэмцээнд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн Аялгуу, Зулай цагаан алтай, Алтайн сүрлэг баг тус тус манлайлж шагналаа гардан авсан юм.

"Залуучуудын TV караоке тэмцээнийг цаашид хөдөөгийн 10 гаруй суманд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж хэлэв. 

Энэхүү тэмцээн нь залуучуудын идэвх оролцоог бүрэн хангаж, хамтдаа хөгжих боломжийг олгосонд оролцогчид талархалтай байлаа. 

Холбоотой мэдээ