НАТО сансарт зэвсэг байрлуулахгүйгээр үйл ажиллагаа явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-21 13:07:21

БРЮССЕЛЬ. /Ukrinform/. Бельгийн нийслэл хотноо лхагва гарагт уулзсан НАТО-гийн Гадаад хэргийн сайд нар холбоотон орнуудын хүчний ажиллагаа явуулах шинэ талбар нь сансрын орон зай болох ёстой гэдэгтэй санал нэгджээ.


Энэ тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“НАТО-г орчин үеийн нөхцөлд цаашид дасан зохицох талаар өнөөдөр чухал шийдвэр гаргалаа. Сансар нь НАТО-гийн хувьд агаар, хуурай газар, далайн болон кибер орон зайн хамт үйл ажиллагааны шинэ орон зай байх ёстой гэдэгтэй бид санал нэгдсэн” гэж Умард Атлантын эвслийн удирдагч хэлжээ.


Сансар огторгуй нь хэдийнээ дэлхий дээрх өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бөгөөд үүнийг энх тайвны зорилгоор төдийгүй кибер халдлага үйлдэх, зэвсэг байрлуулах эсвэл харилцаа холбоог таслах болон барууны хүмүүсийн ашигладаг бусад үйлчилгээг хаах зэрэг түрэмгий үйлдэлд ашиглаж болно гэж тэрбээр онцлон дурдсан байна. Столтенбергийн хэлснээр, сансар огторгуй нь мөн навигацийн чадвар, тагнуулын мэдээлэл цуглуулах, пуужин илрүүлэх зэрэг  НАТО-гийн тогтоон барих, батлан хамгаалах системийн хувьд маш чухал юм. Одоо дэлхийн тойрог замд 2000 орчим хиймэл дагуул байгаа бөгөөд эдгээрийн тал гаруй нь НАТО-гийн гишүүн орнуудынх болохыг тэрбээр сануулжээ.


“НАТО нь батлан хамгаалах эвсэл учраас сансарт зэвсэг байрлуулахгүй. Бидний хандлага олон улсын хууль эрх зүйд бүрэн нийцсэн байх болно. Гэхдээ сансрыг үйл ажиллагааны орон зай болгон хувиргах нь бидний ажиллагааг амжилттай болгох бүх хүчин зүйлийг харгалзан үзэх боломжийг олгоно” гэж Столтенберг цохон тэмдэглэсэн байна.


 


Холбоотой мэдээ