Ногоон ёс зүйн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-19 16:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад цаашид экологийн ёс зүй, ногоон ёс зүйн боловсролын сургалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах шаардлагатайг өнөөдөр болсон “Тогтвортой хөгжил: ногоон ёс зүй” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцлов.

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан тус хурлыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр ногоон ёс зүйн асуудал бол зөвхөн эрдэмтэн судлаачдын асуудал биш бүх нийтийн үйл хэрэг болж байж илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа хэлж байлаа.  

Манай монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь тогтвортой хөгжлийн сонгодог жишээ билээ. Гэвч манай улсад дэлхий нийтийн жишгээр үйлдвэр хот суурин байгуулан, суурьшмал амьдралаар амьдрах болсноор ус, хөрс, агаарын бохирдол, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрууд, бэлчээрийн талхагдал, цөлжилт,  усны хомсдол, гол, нуур ширгэх, ойн доройтол, зэрлэг амьтдын тоо цөөрөх зэрэг  асуудал бий болоод буй. Тиймээс Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжин нутагшуулах зорилгоор 2016 оны нэгдүгээр сараас Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаагийн хуралд МУИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ХААИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Отгонтэнгэр Их Сургууль, Мандах Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Ховд Их Сургууль, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит ЕБС, Эрин Эверест Интернэйшнл сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид ногоон ёс зүйн хөгжлийн талаар цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой талаарх орчин үеийн зарим чухал үзэл баримтлал хийгээд уламжлалт үзэл санаанаас эрж хайсан илтгэлүүдээ хэлэлцүүлсэн юм.


Холбоотой мэдээ