Өрхийн сарын дундаж орлого ба зарлага 1.3 сая төгрөг болж тэнцлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-18 16:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар, манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 189 мянган төгрөгөөр буюу 17.6 хувиар өсжээ. Үүнд цалин хөлсний орлого 106 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 


Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 200 мянган төгрөг буюу 17.8 хувиар өсжээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168 мянган төгрөгөөр буюу 19.6 хувиар өссөн нь нөлөөлсөн аж. 


Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 34 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 28 мянгаар цөөрсөн бол 1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 18 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 45 мянгаар, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 33 мянгаар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ