Сурагчдын дунд “Улаан ном”-ын уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 16:35:48

БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол улсын “Улаан ном”-ыг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн уралдааныг зарлаж байна.

“Хүрээлэн буй орчинд бидний оролцоо” уриан дор уг уралдааныг Улаанбаатар хотын есөн дүүрэгт зарладаг байсан бол орон нутгаас анх удаа Өвөрхангай аймагт зарлаж байгаа юм. Уралдаанд аймгийн нийт сургуулиас 5 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож болох ба 4 сарын 28 хүртэлх хугацаанд аймгийн Боловсролын газар бүртгүүлнэ.

Уралдааныг сурагчдын хүрээлэн буй орчин, экологийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ховордсон ан амьтан ургамлыг танин мэдэх, хүүхдээр дамжуулан бусдад нөлөөлөх зорилготой жил бүр зохион байгуулдаг бөгөөд тэргүүн байр нь 600 мянга, дэд байр нь 500 мянга, гутгаар байр нь 400 мянган төгрөгийн шагналтай аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ