Бээжин хотын 5G хэрэглэгчдийн тоо эхний 10 хоногт 40 мянгад хүрчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-11-21 14:52:05

Бээжин /МОНЦАМЭ/. Технологийн 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлсэн эхний 10 хоногт Хятадын Бээжин хотын 5G хэрэглэгчдийн тоо 40 мянгад хүрсэн байна.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас өнгөрсөн сарын 31-ны өдөр зохион байгуулсан Хятадын Олон улсын Мэдээлэл, харилцаа холбооны үзэсгэлэнгийн үеэр тус улсад албан ёсоор 5G сүлжээг нэвтрүүлэх нээлтийн ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Хятадын гурван том үүрэн телефоны оператор компани /China Mobile, China Unicom, China Telecom/ 5G сүлжээний багцуудаа худалдаанд гаргасан.

Улмаар энэ сарын 10-ны өдрийн байдлаар буюу худалдаанд гарснаас хойших эхний 10 хоногийн хугацаанд Бээжин хотын 5G хэрэглэгчдийн тоо 40 000 давсан талаар тус хотын Харилцаа холбооны газраас гаргасан статистик мэдээлэлд дурджээ.

Бээжин хотод нийтдээ 5G сүлжээний 13 мянга гаруй суурь станцыг барьж байгуулсан бөгөөд үүнээс 10 мянга гаруй нь ашиглалтад ороод байна. Ингэснээр энэ оны эхэнд дэвшүүлсэн 10 мянган суурь станц барих төлөвлөгөөгөө биелүүлжээ. Бээжин хотын тавдугаар тойргоос дотогш болон захын дүүргүүдэд 5G сүлжээний долгионтой болоод байгаа аж.  

Холбоотой мэдээ