Маргааш 09:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 13:13:17

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд Төв, зүүн зүгийн нутгаар, 16-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар, 18-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 14-16 м/сек хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна.

2016 оны 4-р сарын 14-ний шөнөөс эхлэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цас их хэмжээгээр үргэлжлэн орж, шуурч байгаагаас Сэлэнгэ, Дархан-Уул, аймгийн орон нутгийн зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэнээс автозамын хөдөлгөөнд хүндрэл учраад байна. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас замын хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтийг Зам тээврийн сайдад гаргаснаар Улаанбаатар хотоос баруун чиглэлд /Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг/ автомашины зорчих хөдөлгөөнийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны 11:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хязгаарласан аж. Одоогоор Сэлэнгэ аймгийн баруун чиглэлийн Тахилт, 124-ын даваа, 52-ын даваа цасанд боогдсон, цас үргэлжлэн орж  шуурч байгаа учраас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын нөхцөл байдалд хүндрэл үүсч, автомашин олноороо саатаад байгаа ажээ. Энэ байдлыг үнэлэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангиас 28 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Гал түймэр унтраах, аврах 22, 40 дүгээр ангийн албан хаагчид орон нутгийн зам арчлалтын компанийн албан хаагчидтай хамтран дээрх хаагдсан зам давааг онгойлгохоор ажиллаж байна хэмээн аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ