Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-13 16:22:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг 66.7 хувийн саналаар батлав.


Уг хуулийн төслийг Засгийн газраас Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар зохицуулсныг хүчингүй болгож, төсөвт ирж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын тусгай сангуудын ажлыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулах, хараат бус байхад нь анхаарч ажиллахыг захиж байлаа.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ