Мексикийн эрх баригчид Эво Моралест улс төрийн орогнол олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-12 07:39:24

МЕХИКО. /RIA Novosti/. Мексик улс Боливийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Эво Моралесийн хүсэлтийн хариуд түүнд улс төрийн орогнол олголоо гэж тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна. Тэрбээр мөн түүний аюулгүй байдлыг баталгаажуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


“Би дөнгөж сая Ерөнхийлөгч Моралесын дуудлагыг хүлээж авлаа. Тэрбээр бидний саналыг хүлээж авсан бөгөөд амаар болон албан ёсоор манай улсаас улс төрийн орогнол хүслээ” гэж Эбрард сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Моралест Боливийн нийслэл Ла-Пас хотод суугаа Мексикийн Элчин сайдын яаманд орогнох эрх олгоход бэлэн байна гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байсан юм.


Эбрардын хэлснээр, хууль тогтоомжийн дагуу болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ольга Санчес Кордерогийн гаргасан шийдвэрийн дагуу Мексикийн Гадаад хэргийн яам Моралест хүмүүнлэгийн шалтгаанаар, Боливид түүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор улс төрийн орогнол олгох шийдвэр гаргажээ.


“Шийдвэрийнхээ талаар бид Америкийн улсуудын байгууллага болон НҮБ-д мэдэгдсэн. Олон улсын гэрээ, хэлцлийн дагуу Эво Моралесын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг олон улсын хамгаалалтад авахыг уриалж байна” гэж Эбрард нэмж хэлсэн байна.


Харин Моралес ард түмэндээ хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг, мөн хүчирхийллээ зогсоохыг дахин уриалсан байна. “Ард түмэн минь би та бүхнээс энх тайвныг хамгаалж, хууль дээдлэх ёсыг үгүй хийхийг хүсэж буй тодорхой бүлгүүдийн нөлөөн дор хүчирхийлэл үйлдэхгүй байхыг хүсэж байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичээд, аливаа зөрчлийг яриа хэлцээ хийх замаар шийдэхийг уриалжээ.


Боливийн эрх мэдлийн өөрчлөлт

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес  ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр огцорсон билээ. 10 дугаар сарын 20-нд болсон сонгуулийн дүнгээр эхний шатанд Моралес ялсан гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн боловч түүний гол өрсөлдөгч Карлос Меса сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.


Боливийн Зэвсэгт хүчин ням гарагт Моралест хандан улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаасаа огцрохыг уриалжээ. Үүний дараа тэрбээр огцрохоо мэдэгдэж, түүний араас тус улсын дээд удирдлагын бүх төлөөлөгч албан тушаалаа орхисон.


Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга, сөрөг хүчний төлөөлөгч Жанин Аньес төрийн дээд удирдлага өөрт нь шилжснийг мэдэгдээд, ерөнхийлөгчийн шинэ сонгууль зарласан юм.


Венесуэл, Куба, Мексик зэрэг улс Боливид болсон үйл явдлыг төрийн эргэлт гэж мэдэгджээ.


 


Холбоотой мэдээ