Ж.Батзандан: НДШ-ийг багасгахыг шаардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-11 19:02:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, ирэх онд хоёр хувиар нэмэгдэж буй нийгмийн даатгалын шимтгэлийг багасгахыг Засгийн газраас шаардаж бичиг хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. 


УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн орлогын 82.6 хувь буюу 12.6 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэхээр тусгажээ. Ингэхдээ, иргэд, ААН-ээс төлөгдөх шимтгэлийг тус бүр нэг хувиар нэмсэн байна.  Учир нь 2017 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэхээр хуульчилсан. Тодруулбал, 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь байхаар зохицуулсан байна. Тиймээс Засгийн газраас ирэх оны төсөвт ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу нийтдээ 26 хувийн шимтгэл төлөхөөр төсвийн төслийг боловсруулжээ. Ажилтны нэмэгдсэн нэг хувийн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх аж.  


УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, "2020 онд 900 мянган төгрөгийн цалинтай хүн 234 мянган төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр болж байна. Тиймээс ШИНЭН-ын зөвлөлөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр хуульчилсан хуулиа эргэн харахыг Засгийн газраас шаардана. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлээ багасгах шаардлага бүхий бичгээ Засгийн газарт хүргүүлэх гэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" хэмээсэн юм.

Холбоотой мэдээ