Малын хулгайтай тэмцэхэд мал эмнэлгийн байгууллагатай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-11 18:02:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдах, тээвэрлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгуулав. 


ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Даваажав, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хурандаа О.Зоригт, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга,  хурандаа Б.Гантулга болон бусад албаны хүмүүс санамж бичиг байгуулах ёслолд оролцлоо.



Санамж бичгийн хүрээнд мал эмнэлгийн гэрчилгээний системийг ашиглах эрх бүхий албан хаагч хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг сүлжээнд холбон алдагдсан малын цахим зураглалыг гарган, аймаг, сум, багийн малын эмч нарт сэрэмжлүүлэх, тэдэнтэй мэдээлэл солилцож, хяналтын цэгүүдээр дайран өнгөрөх үед мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй мал, амьтныг шуурхай илрүүлэн, холбогдох мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллана.  


Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар цагдаагийн дотоод сүлжээ болон гар утсаараа аппликейшинд нэвтэрч шаардлагатай мэдээ, мэдээллийг Мал эмнэлгийн цахим системээс авах, мэдээлэл шуурхай солилцох, хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа нь малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ