С-400-г худалдан авсантай холбогдуулан Туркт хориг арга хэмжээ авч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Турк улс ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдан авсан нь хүлээн зөвшөөрч боломгүй зүйл бөгөөд АНУ-ын Конгресс хориг арга хэмжээ авч болзошгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоганыг ирэх долоо хоногт Вашингтонд айлчлах үеэр мэдэгдэхээр төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Роберт О'Брайен мэдээлжээ.
“Бид үүнд сэтгэл маш дундуур байгаа” гэж О'Брайен “CBS” сувгийн нэвтрүүлгээр Турк улс С-400 цогцолборыг худалдан авсантай холбогдуулан тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.
“Хэрэв Турк улс С-400-гаас татгалзахгүй бол CAATSA хуулийн дагуу хориг арга хэмжээ авч магадгүй бөгөөд тус улс хоригийн үр дагаврыг мэдрэх болно. Бид Ерөнхийлөгч Эрдоганд энэ талаар маш тодорхой хэлсэн. С-400-д, Оросын зэвсгийг их хэмжээгээр худалдан авах газар НАТО-д байхгүй. Үүнийг Ерөнхийлөгч Трамп Вашингтонд хүрэлцэн ирэхэд нь түүнд маш тодорхой хэлнэ” гэж О'Брайен хэлжээ.
АНУ өмнө нь Турк улсыг “F-35” сөнөөгч онгоц үйлдвэрлэх хөтөлбөрөөсөө хассан бөгөөд Оросын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн цогцолборыг худалдан авбал хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн билээ.