Завханы урд бүсийн малчид малын хулгайтай хамтран тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-06 20:42:44

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр малчдын оролцоог нэмэгдүүлэхээр сургалт явуулж бүлэг байгуулжээ.

Малчдыг багаар ажиллах чадавхтай болгох, хоорондоо болон төрийн байгууллагуудтай мэдээ мэдээллээ хэрхэн солилцох талаарх зөвлөмжийг өгсөн сонирхолтой сургалт болжээ. Ид өвлийн идэш бэлтгэж буй цагаар малын хулгай ихэсдэг аж. Тэгвэл тус сургалт малын хулгай ихэсдэг намрын улирлыг тааруулан хил орчмын Говь-Алтай аймгийн зарим сумтай хиллэдэг Шилүүстэй суманд нийт дөрвөн сумын 50 гаруй малчдад сургалт нөлөөллийн ажлыг хийжээ. Энэ үеэр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас малчдад тулгамддаг олон сэдвээр мэдээлэл өгч харилцан хамтарч ажиллахаар болжээ.

Сургалтын үр дүнд сумдын малчид ойролцоо, айл саахалт өвөлжиж, хаваржих үедээ хэрхэн бүлгээр хамтарч ажиллах, мал алдагдсан тохиолдолд хаана хэнд түргэн шуурхай хандах, бүлгээр ажиллах явцдаа малын хулгайн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ. Мөн үеэр сургалтад оролцогч малчид тухайн бүс нутгийнхаа эрүү, хэв журмын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдол, иргэдээс төлбөртэй мэдээлэл авах журмын танилцуулга мэдээлэл болон цагдаагийн газраас явуулж байгаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаарх мэдээллийг авч харилцан санал солилцлоо.

Энэ үеэр малчид хулгайлагдсан, алдагдсан, олдсон малын тухай мэдээллийг нэн даруй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй гэдгээ ойлгосон. Мөн мал бүхий иргэдийн эзэмшилд байгаа бод малыг тамга, тэмдэг зүсмийн бүртгэлд хамруулах ажилд малчдын бүлэг идэвхтэй оролцох, хэсэг бүлгээрээ нийлж малыг байнгын хариулга, шөнийн манаатай болгох ажлыг нутаг орны онцлог, цаг агаар, улирлын байдалд тохируулан зохион байгуулъя. Олдсон малыг өөрсдийн мал сүргийн хамт маллаж эзэн нь тогтоогдсон тохиолдолд баг, хороо, сумын Засаг даргын зөвшөөрлөөр хүлээлгэн өгдөг болъё. Мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл олох, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн ирсэн, явсан хөдөлгөөн, отроор ирсэн мал, туувар мал, мал мах бэлтгэлийн талаарх мэдээлэл зэрэгт хяналт тавьдаг байя гээд малчдаас санал санаачилгууд сургалтын үеэр гарч буй нь сайшаалтай. Сургалтын дараагаас эхлэн Завханы урд бүсийн малчид сум хоорондоо болон айл саахалтаараа малын хулгайтай хамтран тэмцэх, бүлэг болж мэдээлэл солилцохоор боллоо. Малчид маань цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайн гэмт хэргийн мэдээлэл өгөх, авахаар болсон хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.



 

Холбоотой мэдээ