Байнгын хороо Элчин сайдуудыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.
Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан. Мөн Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах асуудлыг албан бичигтээ тусгасан байна.
Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж нарыг томилохоор зөвшилцөж буй юм. Түүнчлэн Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Воршиловын Энхболд нарыг томилох асуудлыг тусгажээ.
Элчин сайдад нэр дэвшигчдийн намтрыг энд дарж үзнэ үү
Ерөнхийлөгчийн албан бичгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн баасан гарагт хуралдах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр товлосон байна.