Чернобыльд болсон үйл явдлыг үнэн, бодитоор өгүүлэх кино хийхийг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-06 12:25:13

МОСКВА. /TASS/. Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд гарсан ослын талаарх бодитой үйл явдлыг өгүүлэх кино хийхийг Холбооны Зөвлөлийн олон улсын хэрэг эрхэлсэн хорооны тэргүүн дэд дарга Владимир Жабаров төрийн өмчит “Росатом” компанид санал болгожээ. Их Британийн хувилбараар гаргасан "Чернобыль" кино нь тухайн үед болсон бодит үйл явдлыг гажуудуулсан хэмээн тэрбээр үзэж байгаа юм.  


“Их Британийн “Чернобыль” цуврал кино гараад удаагүй байгаа билээ. Энэ киног олон хүн үзсэн. Уран сайхны үүднээс авч үзвэл энэ кино сонирхолтой байж болох хэдий ч ослын талаарх бодит явдлыг илт гажуудуулсан. Харамсалтай нь Чернобыльд угтаа юу болсныг мэддэггүй залууст энэ кино таалагдаж байсан” хэмээн Жабаров хорооны хуралдааны үеэр ярьсан байна.


Манай атомын станцыг хамгаалах систем тийм ч муу байгаагүйг болон ослын хор уршгийг хэрхэн арилгасан талаарх бодитой үйл явдлуудыг залууст харуулах кино хийх талаар бодож үзсэн эсэхийг тэрбээр хуралдааны үеэр лавлажээ.


Ийм санаачилгыг хэдийнээ гаргасан тухайгаа "Росатом" компанийн олон улсын асуудал хариуцсан хэлтсийн захирал Николай Спасский мэдэгдсэн байна.


Цуврал кино болон ослын тухайд


Америкийн "HBO" телевизийн Их Британийн "Sky" телевизтэй хамтран бүтээсэн "Чернобыль" таван ангит цуврал кино нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон осол болон түүний хор уршгийг арилгаж, ослын учир шалтгааныг олох тухай өгүүлдэг юм. Энэ кино нь АНУ-д өнгөрсөн 5 дугаар сарын 6-нд дэлгэцнээ гарсан бол Их Британид 5 дугаар сарын 7-нд дэлгэцнээ гарчээ.


Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 оны 4 дүгээр сарын 26-нд болсон осол нь хүн төрөлхтний түүхэнд гарсан атомын эрчим хүчний үйлдвэрийн хамгийн том осол бөгөөд Олон улсын цөмийн үзэгдлийн хэмжүүрээр 7-р зэрэглэлд багтах цорын ганц осол юм. Ослын хор уршгийг арилгахад 600 мянга гаруй хүн оролцож байжээ. Тэдний 28 нь осол гарснаас хойш жилийн дотор нас барсан байна. Тухайн үед ЗХУ-ын 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг радио идэвхт бохирдолд өртсөн байна.

Холбоотой мэдээ