Дэлхийн санхүүгийн түүхээр аялахад....

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-05 13:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөгийн бидний хэрэглэж буй зээлийн карт анх XIX зуунд 1800 оны сүүлчээр Charge Coin нэрээр гарч байжээ.

1928 онд Charge Plate хэлбэрээр дэлгүүрийн сүлжээнүүд гаргаж байв. Тухайн дэлгүүрийн найдвартай худалдан авагч нарт зориулсан уг картыг өөр газар хүлээн зөвшөөрдөггүй байв. Картыг эзэмшигч нь картын мэдээллээ гараар хуулж авч үлдээд араас нь нэхэмжлэх явуулж төлбөрөө хүлээн авах хэлбэрээр худалдаа хийдэг байжээ. Харин банкны зээлийн картыг бүр хожим 1958 онд нэвтрүүлжээ.


Зураг дээр: Анхны зээлийн карт Charge Coin


Энэ мэт сонин түүхийг манай улсад нээгдээд буй, хотын төв дэх “ICC tower төвийн 2 давхарт байрлах Дэлхийн санхүүгийн түүхийн музейгээс мэдэж болно. Музейн талаар менежер Г.Батзулаас тодруулсан юм.



“Санхүүгийн боловсрол” сургалтаас эхтэй музей


-Музей байгуулах санаа анх хаанаас, яаж гарсан бэ?

-Музей анх 2016 онд Голомт банканд нээгдсэн юм. Тухайн үед “Голомт банк Харилцагчийн санхүүгийн боловсрол  хөтөлбөр явуулж байсан. Харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг цаасан мэдээллээр явуулснаас биет хэлбэрээр хүргэх нь илүү юм байна гээд энэхүү музейг нээсэн юм. Ер нь сургалтаас эхтэй гэж хэлж болно. Манай захирал Ө.Ганзориг 2003 оноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт зохион байгуулж ирснийг та бүхэн мэдэх байх. Тэрээр санхүү, эдийн засгийн мэдлэгийг хүүхэд залуус, хүмүүст түүхэн баримттай холбож ойлгуулбал илүү хялбар хүрнэ гэж үзсэн юм. Ингээд дэлхийн санхүүгийн түүхтэй холбоотой ховор, нандин үзмэрүүдийг цуглуулах ажлаа эхэлсэн.

-Музейд нийт хэчнээн үзмэр бий вэ?

-Нийт 1000 орчим эх оригинал, түүхийн хосгүй үзмэр байгаа. Үүнээс 300 гаруйг нь сор үзмэр гэж тооцож байгаа. Дэлхийн санхүүгийн түүх, санхүүгийн системийг бүхэлд нь Мөнгө, Банк, Даатгал, Төлбөрийн хэрэгсэл, Хөрөнгийн зах ба Эдийн засаг гэсэн хоорондоо уялдаа холбоотой 6 хэсэгт хуваан харуулж байгаа.


Зураг дээр: Английн анхны, галын даатгалын таних тэмдэг

-Хамгийн ховор, чухал үзмэрүүдээсээ танилцуулна уу?

-Манай музейн хамгийн чухал үзмэр бол Хубилай хааны үеийн төлбөрийн хэрэгсэл болох чао юм. Энэ нь анхны үндэсний цаасан мөнгө юм. Хубилай хаан Тан гүрнийг эзлэхдээ Хятадад цаасан мөнгө дэлгэрүүлэхэд хамгийн онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр тухайн үед цэргүүдийн цалин, худалдааг чаогоор хийх үүрэг өгсөн. Тиймээс цаасан мөнгөний түүхэнд Хубилай хааны үүрэг онцгой нөлөөтэй.

Мөн дэлхийн анхны даатгалын сурах бичиг байна. Португал улсаас Флоренцод сууж байсан консул Педро Сантарем нь Флоренцийн даатгалын системийг судалснаар дэлхийн анхны даатгалын сурах бичгийг 1554 онд гаргасан. Тугалын арьсан хавтастай энэхүү номд даатгалын бизнесийн суурь зарчмуудыг тусгаж харуулсан байгаа.


Зураг дээр: Тугалын арьсан хавтастай, даатгалын анхны сурах бичиг. 1554 он.



Мөн “Банк оф Америка”-гийн ургийн бичиг байна. 1791 онд үүсэж 200 гаруй жилийн турш хөгжсөн 340 гаруй аж ахуйн нэгж банкны санхүүгийн нэгдлүүдийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан.

-Ийм төрлийн музей олон улсад хэр байдаг вэ?

-Ер нь олон байдаг. Гэвч манай музей шиг дэлхийн санхүүгийн түүхийг бүхэлд нь ийнхүү хамруулж харуулсан музей дэлхийд одоогоор өөр байхгүй. Өнгөрсөн жил Бритиш музейд очиж судлаад музей ийм байх ёстой юм байна гэсэн стандартын дагуу музейгээ байгуулсан. Үзмэрүүдээ байршуулахдаа жагсаалгүйгээр түүхэн дэс дарааллаар байрлуулсан юм гэв.

Тэрээр, Манай музей Олон улсын санхүүгийн музейнүүдийн холбоо (IFFM)-ны гишүүн болсон. Удахгүй Дэлхийн санхүүгийн музейн холбооны гишүүн болох зорилготой байгаа. Оюутнууд, энд ирээд курсийн ажил бичих боломжтой. Дөрвөн жил суралцаж үздэг санхүүгийн боловсролыг энэхүү музейд хоёр цаг зарцуулаад олж авах боломжтой” гэж байв. Музейг 2-3 цаг үзээд барахгүйг түүний яриа баталж байв.


Анхдагчдын музей


Монголд нээгдээд буй Дэлхийн санхүүгийн түүхийн музейг ингэж хэлж болно. Учир нь энд дэлхийн анхны зоосон мөнгө, дэлхийн анхны фиат цаасан мөнгө, анхны төв банкнаас гаргасан цаасан мөнгө, анхны евро бонд, анхны амьдралын даатгалын компанийн баримт, анхны даатгалын сурах бичиг, анхны хувьцаа, анхны төлбөрийн карт, анхны актуарчийн бичсэн ном, анхны хөрөнгө оруулалтын банкны бонд зэрэг санхүүгийн нэн чухал үйл явдалтай холбогдсон эх оригинал үзмэрээс бүрджээ.


Мөн энд Чингис, Хубилай хаан, Македонийн Александр, Юлий Цезарь, Адам Смит, Карл Марк зэрэг дэлхийн түүхэн суут хүмүүсийн амьд ахуй үетэй холбоотой үзмэрүүд хадгалагдаж байна. Түүнчлэн сэргэн мандалтын банкны хөгжлийн түүчээ буюу дэлхийн анхны банк болох Италид үүсэн байгуулагдсан Медичи банк, хөрөнгө оруулалтын банкны хаан Ротшилд, монополын эцэг Рокфеллер, эдийн засагч Милтон Фридман зэрэг санхүүгийн түүхэн дэх чухал нэрнүүдийн оригинал гарын үсэг бүхий баримтуудыг дэлгэжээ.



Музейг байгуулсан эдийн засагч, санхүүч Ө.Ганзориг дээрх ховор үзмэрүүдийг олон улсын дуудлага худалдаанд оролцох, нэр хүндтэй цуглуулагч нараас худалдан авах замаар дэлхийн өнцөг булан бүрээс 13 жилийн турш цуглуулжээ.

Тэрээр музейгээ нээх сэтгэл шулуудаад байх үедээ дэлхийн анхны зоосон мөнгөнөөс эхлээд дэлхийн мөнгө, санхүүгийн түүхийг судалсан байна. Анх зоосон мөнгө гарахаас өмнө манай эриний өмнөх онд мөнгийг орлох өөр дүрс хэрэглэж байжээ. Ингээд судлах явцад хясаа мөнгө, дэлхийн мөнгө гэхэд нэг үед давхцан гарсныг “тогтоосон” байна. Энэ нь түүнд уншсан түүхийнхээ араас явж өөрийн биеэр олж хайх аянд хөтөлжээ. Ингээд явсны эцэст МЭӨ 500-40 он, МЭӨ 1046 онд гэхэд нэг мөнгө нь Хятадад нөгөө нь дундад тэнгисийн хавьцаа, ижилхэн загасан мөнгө гарч байсныг олсон байна. Энэ түүхэн олдвор нь Ази, Европ тив МЭӨ 3000 жилийн өмнө холбоотой байсныг баталж байх жишээний.




Зураг дээр: Монгол Улс. Өмч хувьчлалын анхны (цэнхэр, ягаан гэх) бичгийн тасалбар. 1992 он. 



Мөн бид банкыг Америк, Лондонд үүссэн гэж ойлгодог. Гэтэл 1500 онд Италид анхны банк үүсэж байжээ. Тухайн үед Медичи гээд их мөнгөтэй банкны эзэн байж, тэрээр анх ядуу хүмүүсийн амьдралыг өөд нь татах, тэдэнд санхүүгийн эх үүсвэр олгох зөв зорилгоор үүсгэн байгуулжээ. Одоо энэхүү банк нь байдаг бөгөөд 240 мянган ажилтантай, 300 мянган салбартай хамгийн том банк болсон түүхийг чухам эрж хайсны эцэст ийнхүү “тогтоон” монголчууддаа дэлхийн мөнгө, санхүүгийн түүхийг “биетээр” нь толилуулж байна.


Б.Болд, Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ