Экологийн цагдаа хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-05 12:48:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх байнгын хороодод шилжүүлсэн. Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороод харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцдэг. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хил хамгаалах, шүүхийн шийдвэр, цагдаа, улсын бүртгэл, оюуны өмчийн газар, архив зэрэг байгууллагын төсвийг хэлэлцсэн юм.


Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “ХЗДХ-ийн сайдын төсөвт 200 тэрбум төгрөгийн санал хүргүүлсэн ч ердөө 48 тэрбум төгрөг тусгасан. Ирэх оны төсөвт орсон гол асуудал нь орон тоо нэмэх. Нийт 600 гаруй орон тоо нэмэхээр санал хүргүүлсэн. Тухайлбал, 146 экологийн цагдаа, хар тамхитай тэмцэх албанд 58, хил хамгаалахад 50 гаруй, ШШГЕГ-т 30 орон тоо нэмэхээр төлөвлөсөн юм. Мөн бусад барилга байгууламжтай холбоотой төслүүдийг тусгасан” хэмээв.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Болд, О.Батнасан, Х.Нямбаатар нар асуулт асуув. Тухайлбал, Монгол Улсын нийт импортын 70 хувь нь нэвтэрдэг, өдөрт 8-10 мянган зорчигч дамжин өнгөрдөг Замын-Үүд сум, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал, орон тоог нэмэх асуудлыг Б.Дэлгэрсайхан гишүүн хөндөв. Тэрбээр хар тамхитай тэмцэх албанаас багадаа хоёр алба хаагч болон экологийн цагдааг хуваарилах санал гаргав.


Экологийн цагдаа хэмээх шинэ бие бүрэлдэхүүн нь нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллах үүрэгтэйг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбарласнаар санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Мөн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Оюундариар, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын багийг УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан байгуулав. Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын багийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараар, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын багийг УИХ-ын гишүүн О.Батнасангаар ахлуулан байгуулснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ