АМНАТ-ыг давхардуулсан зохицуулалтыг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-30 16:45:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж, эцэслэв.


УИХ-ын гуравдугаар сарын 26-ны хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Тус өөрчлөлтөөр, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгж болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байхаар тусгажээ. Ингэхдээ тухайн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр зохицуулсан байна.


Өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь АМНАТ төлдөг байсныг  өөрчилж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, АМНАТ гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүртэл авах давхардал бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон  байна гэж Цэцийн Дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлт гарчээ. 


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуульд заасан “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”,  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтад нийцээгүй байна гэж шийдвэрлэв. 


Мөн уг заалтаас үүдэлтэй 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэсэн тул хүчингүй болгов.

Холбоотой мэдээ