Ховд аймаг ирэх онд ЭЕШ-ын чансаагаар улсад эхний байруудад орох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-30 12:51:50

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн сурагчид ЭЕШ-ын чансаагаар улсад тааруухан үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс ирэх онд эхний 5-д орж амжилтаа ахиулах зорилт дэвшүүлжээ.

Үүнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “ЭЕШ-аа амжилттай өгөхөд хэрэгтэй, бодитоор биелүүлэх боломжтой санал, зөвлөгөө хүлээн авах уралдаан” зарласан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын албан ёсны пэйж хуудсаар дамжуулан  зохион байгуулсан энэхүү  уралдаанд 1000 гаруй сурагч оролцсон байна. Үүнээс хамгийн шилдэг санал, зөвлөмж ирүүлсэн 24 сурагч шалгаруулж, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав.

Энэхүү уралдаан нь  Ховд аймгийн сурагчид ЭЕШ-ын чансаагаар улсад амжилт үзүүлэх алхмыг олон нийтийн оролцоотой тодорхойлж буйгаараа онцлогтой. Улмаар сурагчдын ирүүлсэн санал, зөвлөмжийг орон нутгийн боловсролын салбар байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ гэж зохион байгуулагчид онцоллоо.

Мөн Ховд аймгийн БСУГ-аас багш нарын мэдлэг, заах арга зүйг хөгжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагчид гээд бүгдээрээ хичээж, хамтарч ажилласнаар сурлагын амжилтыг дээшлүүлэх боломжтой гэж албаныхан ярьж байна.  

Холбоотой мэдээ