Испанийн Вант улсын Астуриас мужтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-10-30 11:53:34

ДарханУул \МОНЦАМЭ\. Аймгийн Засаг дарга С.Насанбат 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Испанийн Вант Улсын Астуриас мужийн урилгаар тус мужид ажиллаж, эдийн засгийн хувьд томоохон ач холбогдол бүхий санамж бичиг, гэрээ байгуулжээ. Айлчлалаар 3 асуудалд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна.

Нэгдүгээрт, арьс ширний цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон ажМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг дор манай аймагт арьс ширний цогцолборыг байгуулахаар Хонгор сумын нутаг дэвсгэрт “Дархан арьс ширний цогцолбор”-ын барилгын ажил эхэлсэн. Манай улсад жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг буюу түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт болон борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалттгүй байдаг. Иймд дээрх нөөц боломжийг ашиглан нэмүү өртөг бүхий дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд арьс ширний салбарыг цаашид аж үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтаар нэгдсэн төв (cluster) болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Тиймээс энэ удаагийн айлчлалаар дамжуулан арьс ширний аж үйлдвэрийн нэгдсэн төвийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх 3 том санамж бичигт аймгийн Засаг дарга гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж бүхий 15 томоохон үйлдвэр ашиглалтад орж 7740 гаруй шууд ажлын байрыг нэмэгдүүлэх урьдчилсан тооцоотой байна. Уулзалтын үеэр Испанийн талаас АНУ-ын гуравдагч оронтой хийх гадаад худалдааны бодлогын хүрээнд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. 

Хоёрдугаарт эрчимжсэн мал ажуй, худалдаа, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр талууд тохиролцов. Астуриас мужийн захирагчтай хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгаас Астуриас мужид гаргах боломжтой бүтээгдэхүүний талаар ярилцаж санал солилцсон. Тухайбал зөгийн бал, чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг тус мужид нийлүүлэх талаар судалж эргэн хүсэлтээ явуулахаар болсон байна. 
Гуравдугаарт, олон жил царцаад байгаа томоохон үйлдвэрүүд тухайлбал мах, сүүний үйлдвэрт хөрөнгө оруулалтыг хийх боломжийн талаар Испани Улсдаа тэргүүлэх хөрөнгө оруулалтын АCS группийн удирдлагуудтай уулзаж ярилцсан
байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг дахь ХАҮТ-аар дамжуулан хөрөнгө оруулалтын төслүүдээ бэлтгэх үүргийг аймгийн Засаг даргаас бодлогын хэлтсийн дарга нарт чиглэл өглөө. Дээрх салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нэн ялангуяа спортын чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа талаар уулзалтын төгсгөлд мужийн зүгээс онцолжээ. 

Холбоотой мэдээ