Налайхын замыг ирэх сарын 4-нд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-28 19:23:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойр чиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсож, үүрэг өгөв.


Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын багийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлийн замын барилга, угсралтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асфальт, бетон цутгах зэрэг ажил зогссон. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр буюу Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг өнөөдөр нээхийг хориглож,  ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов. Тэрбээр, халтиргаа гулгаа ихэссэн энэ үед хөдөлгөөн ихтэй байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслийг бүрэн тавьж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд хангах ёстойг ажлын багийн гишүүдэд онцгой анхааруулав. 


Уг төслийн хүрээнд, одоогоор 85.730 м3 хөрс хуулалт, 205.800 м3 ухмал, 568.538 м3 далангийн дүүргэлт,  20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18.4 км хэсэгт суурь асфальт хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2.5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлыг хийжээ. Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм. Ажлын багийн гишүүд замын нэмэлт ажлуудыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд ирэх сарын 4-нд хөдөлгөөнийг нээхээр тогтов.


Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ