Ч.Улаан: Экспортын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд онцгой анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-28 13:27:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогод хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарыг чухалчлан дэвшүүлсэн. Дээрх салбарыг хөгжүүлэх үүднээс “Монгол экспорт” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж буйг “Корпорейт конвеншн” төвд өнөөдөр нээсэн “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес чуулга уулзалт дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үг хэлэхдээ тодотгов.

Тэрээр, “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэнэ. Үүний төлөө бид ажиллаж байна. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилснээр манай улсын нийт экспортод эзлэх ХАА-н гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний хувь хэмжээ нэмэгдэж, салбарын экспортын орлого өснө гэж тооцож байна” гээд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 12.9 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 7 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллар болсныг дурдлаа.


Энэ дотор хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын оёмол, нэхмэл бүтээгдэхүүний экспорт өмнөх оныхоос 21.7 хувиар, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээ 6.8 хувиар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 5.5 хувиар тус тус өссөнийг энэ салбарт нэмүү өртгийг шингээн экспортыг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, УИХ ЖДҮ, үйлчилгээг дэмжих хуулийг баталж, Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр, баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Манай яам ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг тус тус баталсан. Эдгээр бодлогын баримт бичигт экспортыг дэмжих чиглэлээр олон зохицуулалт оруулсан” гээд үүндээ, ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11-р зүйлийн 11.8-т “... үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийн 5 хүртэл хувийг Сангаас олгож болох” зохицуулалттай болсныг жишээ татав.

Цаашдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна санхүүгийн бус арга замаар дэмжих, экспортын чиглэлийн мэргэшлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход онцгой анхаарах болно” гэдгээ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцоллоо.


Энэ удаагийн “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес чуулган Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, экспортод гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд гаргахад чиглэж “Нэг зорилго, Нэг гарц, Нэг хөгжил” уриан дор болж байгааг зохион байгуулагчдын нэг “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-ын захирал Д.Оюунбилэг хэлэв.  


ХХААХҮЯ, тус яамны ЖДҮХС, ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, Экспорт олон улсын худалдааны төв" зэрэг төр, ТББ-ууд хамтран зохион байгуулж буй “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес чуулган 2 өдөр үргэлжлэх бөгөөд энд хувийн хэвшлийн 350 гаруй үйлдвэрлэгч, гадаад, дотоодын байгууллагын 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн манай улсын экспортлогч компани, ААН-үүдийн шилдэг бүтээгдэхүүн, брэндүүдийн үзэсгэлэн худалдаа гарч байна. 

Б.Болд

   Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ