Усан спортын дугуйлан шинээр хичээллэнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-25 15:15:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газар 2019-2020 онд хичээллэх секц дугуйлангийнхаа нээлтийг хийлээ. Энэ хичээлийн жилд аймгийн БТСГ-ын багш дасгалжуулагчид спортын 13 төрлөөр сургалт явуулах бөгөөд шинээр усан спортын дугуйлан хичээллүүлж эхлэх юм байна.

Газрын зүгээс багийн спорт, спортын ганцаарчилсан төрлүүдийг жигд хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд түүхэнд тэмдэглэгдэхүйц том амжилтуудыг манай багш дасгалжуулагчид, тамирчид маань гаргасан. Эдгээр амжилтуудаа бататгах, ахиулах зорилтыг бид тавьж байгаа. Энэ жилийн гол онцлог нь шинээр усан бассейн сургалтын төв ашиглалтад орж буйтай холбоотойгоор усан спортын дугуйлан хичээллэнэ гэж БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Идэрмөнх ярилаа.

Өнгөрсөн онд аймгийн БТСГ-ын дэргэд хичээллэдэг секц дугуйланд 1100 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээрийн ихэнх нь өөрийн сонгосон спортын төрлөөрөө тогтмол хичээллэдэг бөгөөд багш, сурагчид 2019 оны эхний арван сарын байдлаар нийт 312 багц медалийг аймаг, бүс, улс, тив дэлхийн тэмцээнээс хүртжээ.


 

Холбоотой мэдээ